Элбэг амьтан
ТАРВАГА /Marmota/
Тарвага нь Хэрэмнийхэн овгийн мэрэгч юм. Тарваганы төрөлд нийт 14 зүйлийн тарвага багтана. Эдгээрээс Монгол Улсад Алтайн тарвага (Marmota baibacina), хээрийн тарвага (Marmota sibirica) гэсэн хоёр зүйлийн тарвага байдаг. Цаг агаарын хүнд хомс байдлыг ичиж өнгөрөөнө. Ичээндээ голдуу бүлээрээ байдаг.
Богд сум, Арцын нуруу Гэрэл зургийг тус сумын байгаль хамгаалагч Б.Ишёндон
Тарвага нь Монгол орны ойт хээр, уулын хээр, тал хээрт түгээмэл тархсан, мах, арьсны үнэт үслэг ан юм. Биеийн урт 47- 58 см, жин 3-5 кг. Гуужилт III-VI сард эхэлж, VIII-XI сард үс хөрс бүрэн гүйцдэг. Ороо хөөцөө ичээнээс гарсны дараа III-IV сард болж 35 хоногийн дараа 3-8, заримдаа 12 мөндөл гаргана. Мөндөл 30-40 грамм жинтэй төрөөд, эхийгээ сар шахам хөхөж байгаад өвсөн хоолонд орно.
Тарвага өдрийн идэвхтэй амьтан. Хавар өглөөнөөс орой болтол өдөржин идэшлэх ба зуны дунд сар буюу тарга тэвээрэг авсан үедээ нарнаар гарч идэшлээд үдэд нүхэндээ орж нар баруунаа хэлбийхээс нар жаргатал идэвхтэй идэшлэдэг.
Ангийн нэр: |
Хөхтөн амьтан |
Багийн нэр: |
Мэрэгчтэн |
Овгийн нэр: |
Хэрэмнийхэн |
Амьтны нэр: |
Монгол тарвага |
Латин нэр: |
Marmota sibirica |
Олон улсын үнэлгээ: |
Анхааралд өртөхөөргүй (АӨ) |
Бүс нутгийн үнэлгээ: |
Устаж болзошгүй (УБо), A2ad |
Үнэлгээний үндэслэл |
Өнгөрсөн 60 жилийн турш популяцийн тоо толгой нэлээд буурсан билээ. Тарваганы нэг үе удмын амьдрах хугацааг зургаан жил гэж тооцоолсон байдаг. Зохисгүй агналтын уршгаар популяцийн тоо толгой сүүлийн гурван үе удмын турш 50 гаруй хувь буурсан учир монгол тарвагыг A2ad шалгуураар үнэлэн Устаж болзошгүй хэмээх ангилалд оруулав. |
Хамгаалсан байдал |
Байгаль Орчны Яамны сайдын тушаалаар 2005, 2006 oнд орон даяар тарваганы агнуурыг бүрэн хориглосон. Урьд нь популяцийн тоо толгойноос хамааран наймдугаар сарын 10-аас аравдугаар сарын 15 хүртэлх хугацаанд тарвага агнахыг хуулиар зөвшөөрдөг байсан. Монгол тарваганы тархац нутгийн 6 орчим хувь нь улсын тусгай хамгаалалтай газарт хамрагдсан. |
Дэлхийн тархац |
Оросын Холбооны Улс, Хятад, Монгол. |
Бүс нутгийн тархац |
Дорнодын тал хээрээс Монгол Алтайн баруун хэсэг хүртэлх хээрээр тархан амьдарна Монгол орны баруун болон төв, хойд хэсгийн Хангай, Хөвсгөл, Монгол Алтайн нуруудын уулархаг нутгаар тархсан. |
Ховордолын шалтгаан |
Дотоодын болон гадаадын зах зээлд гаргахаар мах, арьс,ардын эмнэлэгт ашиглах зорилгоор агнадаг. Тарваганы тос кортикостероне их хэмжээгээр агуулдаг ба хүүхэд, амьтанд хүнсний нэмэлт тэжээл байдлаар хэрэглэдэг, мөн түлэнхий, хөлдөлт, анемиа, сүрьеэ, арьсны өвчинд хэрэглэж ирсэн уламжлалтай. Тахал өвчин дэлгэрэх нь тоо толгойн хорогдолын шалтгааны нэг. |
Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг баталсан. Уг тогтоолоор Монгол тарвага /Marmota sibirica/ эр нь 170.0, эм нь 200.0 гэж тогтоосон байдаг. Нэг тарвага хууль бусаар агнасан хүн 360-400 мянган төгрөгийн нөхөн төлбөр төлж хуулийн хаиуцлаг хүлээнэ.
Амьтны тухай хуулиар тодорхойлолт аваагүй амьтан тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан барьсантай адилтган үзэж нөхөн төлбөр ногдуулна гэж заасан байдаг.
Агнуурын нөөц нь хангалттай өсөн нэмэгдэхгүй байгаа учраас тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зорилгоор 3 жилийн хугацаатай хориглов. Энэ хугацаанд агнуурын бүс нутгийн менежментийг сайжруулах, агнуурын бүс нутгийг эзэнтэй болгох, тоо толгойг өсгөх арга хэмжээ авахыг аймгийг Засаг дарга нарт үүрэг болгов. /БОАЖСайдын 2017 оны 09 сарын 22-ны өдрийн А/278 дугаар тушаалаар/
Тарвага Баруунбаян-Улаан, Богд, Баян-Өндөр, Бат-Өлзий, Нарийн тээл, Хайрхан дулаан, Тарагт, Уянга, Зүүнбаян-Улаан, Хужирт, Хархорин, Бүрд зэрэг 13 сумын нутагт, 33 хэсэг газарт 8321.2 км2 талбайд тархжээ. Тарваганы тархац нутаг нь аймгийн нутаг дэвсгэрийн 18.6%-ийн эзэлдэг байна.