АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Байгаль орчин, аялал жуулчлалын газрын түүхэн хөгжил

2022.05.31

БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1987 оны 12 сарын 09-ны өдрийн 169 дүгээр зарлигаар Байгаль орчныг хамгаалах яам анх байгуулагдаж, Сайд нарын зөвлөлийн 1987 оны 12 сарын 19-ны өдрийн 347 дугаар тогтоолоор аймаг, хотуудад “Байгаль орчныг хамгаалах газар” байгуулагдсан түүхтэй. Дээрх шийдвэртэй холбогдуулан тус аймагт “Ой, агнуурын аж ахуй” нь “Ус, цаг уур орчны шинжилгээний төв”-тэй нэгдэж “Байгаль орчныг хамгаалах газар” нэртэй байгуулагдаж, энэ үеэс эхлэн ой, ан хамгаалагчдыг Байгаль хамгаалагч гэж нэрлэх болсон.

1990 онд Байгаль орчныг хамгаалах газраас ”Ой, ангийн аж ахуй” тусдаа гарч Хархорин, Бат-Өлзий сумдад “Мод үржүүлгийн газар”, Бат-Өлзий суманд Мод бэлтгэлийн бригад, ой бүхий сумдад ой, ан хамгаалагчид ажиллаж байв.

Улмаар Монгол Улсын Засгийн газрын 1992 оны 24 дүгээр тогтоол, аймгийн Засаг даргын 1992 оны 10 сарын 08-ны өдрийн 09 дүгээр захирамжаар Байгаль орчныг хамгаалах газрыг Ус, цаг уурын байгууллагаас тусгаарлан аймгийн Засаг даргын Тамгын газарт “Байгаль орчны хэлтэс” байгуулж, энэ үеэс эхлэн сумдын ЗДТГазарт Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн орон тоо бий болж байцаагч нарыг шинээр томилж эхэлсэн түүхтэй.

1993 оны 64 дүгээр тогтоолоор аймгийн АДХ-ны гүйцэтгэх захиргааны бүтцийг өөрчилж, Засаг даргын Тамгын газрын бүтэц зохион байгуулалтыг тогтоож, “Хөдөө аж ахуй, байгаль орчны хэлтэс” болон өөрчлөгдөж, 1996 онд “Мэргэжлийн хяналтын алба” шинээр байгуулагдаж байгаль орчин, газар, газрын харилцаа, геологи уул уурхай, боловсрол, эрүүл мэнд, эм био бэлдмэл, барилга, эрчим хүч, худалдаа үйлдвэр үйлчилгээ гэх мэт 12 чиглэлийн хяналт харьяалагдах болж, Монгол Улсын Засгийн газрын 2000 оны 181 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын дэргэдэх “Байгаль орчны алба” нэртэйгээр аймгийн нутаг дэвсгэрт байгаль орчны тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, бодлогын хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий байгууллага болж, 2001 онд байгаль орчны хяналтын үйл ажиллагаа нь “Мэргэжлийн хяналтын алба”-аас салж, “Ус цаг уур орчны шинжилгээний төв”-тэй нэгдэж, улмаар 2003 онд байгаль орчны хяналтын үйл ажиллагаа нь аймгийн Мэргэжлийн хяналтын газарт нэгдэж, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, зүй зохистой ашиглах чиглэл бүхий “Байгаль орчны алба” болон зохион байгуулагдаж, МУ-ын ЗГ-ын 2008.12.24-ны өдрийн 67 дугаар тогтоолоор “Байгаль орчин, аялал жуулчлалын газар, 2013.04.20-ны өдрийн 146 дугаар тогтоолоор “Байгаль орчны газар”, 2015.01.12-ны өдрийн 08 дугаар тогтоолоор “Байгаль орчин, аялал жуулчлалын газар” болон тус тус өөрчлөгдсөн түүхтэй.

Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь нийт 29 орон тоотой үйл ажиллагаа явуулдаг бөгөөд дарга, ойн нэгжийн дарга, нягтлан бодогч, ахлах мэргэжилтэн 1, мэргэжилтэн 5, архив бичиг хэргийн ажилтан-нярав, жолооч, 11 суманд 18 байгаль хамгаалагч тус тус ажиллаж байна. Аймгийн Засаг даргын 2009 оны а/149 дүгээр захирамжаар тус газрын харъяа ойн нөөцийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, хамгаалах ажлын хэрэгжилтийг орон нутагт анхан шатны нэгж дээр зохион байгуулах, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгжүүдийг мэргэжил арга зүйгээр хангах үүрэг бүхий “Сум дундын Ойн анги”-ийг Бат-Өлзий суманд байгуулж одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байна.

2010 оны 09 дүгээр сард аялал жуулчлал эрхлэгчдийн зөвлөлдөх уулзалтыг аялал жуулчлалын асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Баярмагнай санаачлан зохион байгуулж, уг уулзалтад оролцогчид аймгийн аялал жуулчлалын холбоо байгуулах санаачилгыг гаргаж “Дэлхийн Өв-Орхон голын нүүдэлчид” аялал жуулчлалын холбоог байгуулсан.

Аймгийн хэмжээнд байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр нийт 58 нөхөрлөл, мэргэжлийн байгууллага үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үүнээс 52 ой хамгаалах нөхөрлөл, 18 ойн мэргэжлийн байгууллага, 2 усны мэргэжлийн байгууллага, 5 ан амьтан хамгаалах иргэдийн нөхөрлөл, 10 идэвхтэн байгаль хамгаалагч ажиллаж байна.

Ололт амжилт:

Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь салбарын яам болон аймгийн Засаг даргын Тамгын газраас тухайн жилд хийгдсэн хяналт шинжилгээ-үнэлгээний дүнгээр тогмол сайн үнэлэгдэж, 2007 онд улсад 1-р байр, 2013 онд аймгийн “Тэргүүний агентлаг”, улсад “Манлайлагч аймаг”, 2014 онд аймгийн “Манлайлагч агентлаг”, 2015 онд 4-р байр, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт “Маш сайн” үнэлгээтэй дүгнэгдэж, 2016 онд аймгийн “Манлайлагч агентлаг”-аар дахин шалгарсан.

Монголын аялал жуулчлалын үндэсний төв, Монголын аялал жуулчлалын холбооноос жил бүр зохион байгуулагддаг “ITM” ОУ-ын үзэсгэлэн яармагт жил бүр тогтмол оролцож өөрийн аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудыг сурталчлан 2009 онд “Өвөрмөц оролцогч” шагнал, 2011 онд “Шилдэг” зохион байгуулалттай талбайн шагнал, 2012 онд “Санаачлагатай оролцогч”, 2019 онд шилдэгтэй тохижилттой аймгийн шагналыг тус тус хүртсэн.