АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Ирвэс

2022.06.18

Өвөрхангай аймгийн Богд, Баруунбаян-Улаан сумын нутаг Бага Богд ууланд “Дэлхийд нэн ховор” цоохор ирвэс байршин нутагшдаг.
Дэлхийд ховор цоохор ирвэс нь Монгол улсын болон Байгаль хамгаалах олон улсын холбоо (IUCN)-ны “Улаан ном”-д бүртгэгдэж, Зэрлэг амьтан, ургамлын аймгийн ховор, ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай (CITES) конвенцийн I дүгээр хавсралтанд бүртгэгдсэн өндөр уулын түлхүүр зүйл юм.

Цоохор ирвэс нь нуугдмал амьдралтай амьтан тул дэлхий нийтэд молекул генетик, сансарын дохиолол бүхий хүзүүвч зүүх, хиймэл дагуулаар дамжуулан мэдээлэл авах, автомат камер тавьж зураг авах зэрэг хамгийн сүүлийн үеийн аргачлалыг хэрэглэж судалгаа хийдэг.
Цоохор ирвэс нь Ази тивийн 12 орны 2 сая хавтгай дөрвөлжин километр талбай бүхий уулархаг бүс нутгаар тархсан. Монгол орон 700-1200 орчим ирвэстэй гэдэг таамаглалаараа дэлхийд цоохор ирвэсийн тоогоор БНХАУ-ын дараа ордог.
Тодорхой газар нутагт ирвэс тогтвортой байршиж байна гэдэг нь тухайн нутгийн экосистемийг эрүүл байгааг илтгэж байдаг. Ирвэсний гол идэш тэжээл нь аргаль, янгир, тарвага юм.