АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ӨСВӨРИЙН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧИД “ЭКО КЛУБҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023.04.25
Цаг үеийн

          Байгальд ээлтэй хандлага, зөв дадал, шийдлүүдийг танилцуулах, ногоон амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, байгаль орчныг хамгаалах талаар орон нутагт тулгамдсан асуудал, зорилтыг хангахад байгаль хамгаалах клубүүдийн оролцоо, үүргийг нэмэгдүүлэх, туршлага солилцох, хүүхэд залуусын мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, сурагчдын идэвх санаачилгыг өрнүүлэн өсвөрийн байгаль хамгаалагчдыг бэлтгэх зорилгоор “ЭКО КЛУБҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ” –ыг Арвайхээр хотод 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр аймгийн БОАЖГазар, ГХУСАЗСЗ-ийн “Хүрээлэн буй орчныг хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх дэд зөвлөл”, Цагдаагийн газар, Насан туршийн боловсролын төв, Өвөрхангай аймаг дахь Политехник коллеж, аймгийн Илтгэх урлаг, мэтгэлцээний “ЦЭЦ” клуб хамтран зохион байгуулсан.

            Чуулга уулзалтад 19 сумын ЕБС-ийн 30 сургуулийн эко клубүүд, байгальд ээлтэй ангийн 220 сурагч оролцож байгаль орчныг хамгаалах, экологийн боловсрол олгох, туршлага, мэдээлэл солилцлоо.

            Чуулганд “Bookbridge” буюу “Номын Гүүр” сургалтын төвд суралцдаг сурагчдын сайн туршлага, “Эко сургуулийн 7 алхам”-ыг амжилттай хэрэгжүүлсэн Мэргэд сургуулийн сайн туршлага, Байгальд ээлтэй хүүхэд залуусын чуулган “Teen khuraldai Хархорум”-ийг зохион байгуулсан “Цэц” клубийн ахлагч О.Баттогтох нөхдийн хамт сайн туршлагаа тус тус танилцуулж, оролцогчид байгаль орчны 5 сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсэн.

             Шилдэг эко клубээр тэргүүн байранд Д.Отгонжаргал багштай Уянга сумын ерөнхий боловсролын II дугаар сургууль, дэд байранд Өвөрхангай аймаг дахь Политехник коллежийн эко клуб, гуравдугаар байранд Ц.Нэргүй багштай Мэргэд сургуулийн эко клуб, тусгай байранд Ц.Ганчимэг багштай Бат-Өлзий сумын эко клуб тус тус шалгарлаа.