АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Аймгийн усны нөөц, өнөөгийн байдал

2022.06.20

Өвөрхангай аймгийн гадаргын усны нөөц 0,56 шоо км үүнээс ашиглах боломжтой нөөц 0,22 шоо км, газрын доорхи усны нөөц 0,10 шоо км ашиглах боломжтой нөөц 0,05 шоо км, ус эзлэх талбай 63122 км2 тус тус байгаа нь улсын хэмжээнд усны нөөц багатайд тооцогддог. Тус аймаг нь 2021 оны байдлаар 218 гол горхи, 1043 булаг шанд, 100 нуур тойром, 33 рашаантай.

Томоохон голууд нь Орхон, Онги, Таац, Ар-Агуй зэрэг түргэн урсгалтай голууд бөгөөд Улаан нуур, Таацын цагаан нуурт цутгадаг.

Хангайн нурууны Суварга хайрхан уулаас эх авч 1124 км урсаад Сэлэнгэ мөрний баруун талд Сүхбаатар хотын дэргэд нийлдэг хамгийн том цутгал нь юм. Усаа цуглуулах талбай нь 132,835 км² бөгөөд энэ нь Сэлэнгийн манай нутагт дахь усаа цуглуулах талбайн 47% болно. Орхон голын эхний хэсгийг Хангайн нурууны Байгалийн цогцолборт газарт багтдаг.

Орхон эхний хэсэгтээ Улиастай гол, Цагаан Гүүт гол, Тонгорог гол, Цагаан гол, Улаан гол нь 10 орчим метрийн өргөнтэй 20 гаруй метр өндрөөс Орхон голд цутгасан байгаа нь маш үзэсгэлэнтэй.

Онгийн гол нь Монгол орны Төв Азийн гадагшаа урсгалгүй ай савын томоохон голуудын нэг, Хангайн нурууны өврөөс эх аван ойт хээр, хээр, говийн бүсийг дамжин 437 км зам туулан өртөөлсөөр 175 км² талбай бүхий Монголын говийн экологийн тэнцвэрийг хадгалахад онцгой нөлөөтэй, нууруудын хөндийн хамгийн зүүн талын том нуур болох Улаан нуурыг бий болгодог.

Таацын гол Хангайн өвөр хажуугаас усжих голууд дотроос хамгийн бага нь Таацын гол болно. Түүний урт 200 км, ус цуглуулах талбайн хэмжээ 9190 хавтгай дөрвөлжин км болно. Хангайн өврийн уулсын ам хавцлаас усжих жижиг гол горхиуд нийлэх тул хол урсах тусам усны нөөц эрс багассаар нууруудын хөндийд оронгууд сэвсгэр хурдасанд шингэдэг. Зөвхөн зуны хур борооны үед Таацын цагаан нуурт хүрнэ.

Уянга сумын нутаг Хангайн нурууны баруун урд хэсэгт, далайн түвшнээс дээш 2700-3165м өргөгдсөн уулсын дунд галт уулын дэлбэрэлт, суултын дүнд үүссэн цар хэлбэрийн хүнхэр газарт орших Ширээт, Халиут, Бугат, Хаяа, Хүйс, Онон, Дөрөө, Баян-Уулын нуур зэрэг хоорондоо газрын гүний судлаар холбогдсон цэнгэг усны их нөөц бүхий Хүйсийн найман нуур бий.

284487048_700303237703740_2736730747148817324_n