АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Орон нутгийн чанартай бүрэн судлагдаагүй рашаан төст булгуудад мэргэжлийн байгууллагаар чанарын судалгаа хийлгэлээ

2023.01.08
Цаг үеийн

rashaan-1

Сүүлийн жилүүдэд рашаан булгууд нь хүний буруутай үйл ажиллагаа болон байгалийн хүчин зүйлээс шалтгаалан бохирдож, үндсэн шинж чанарт өөрчлөлт орж байна. Аймгийн БОАЖГ-аас иргэдийн олноор очиж хэрэглэдэг, анагаах найрлагатай, эмчилгээний гэгдэх 10 рашаан төст булагт гидрохимийн нарийвчилсан судалгааг хийлгэлээ. Бат-Өлзий сумын "Ар Гятруун", "Могойт", "Үүртийн тохой", "Хуст", Уянга сумын "Өвөр Гятруун",
Баруунбаян - Улаан сумын "Хүрэн хад" болон Арвайхээр сумын "Бурхи","Дэлгэрэх булаг” гэсэн рашааны чанар найрлагад өөрчлөлтөд орсон эсэхийг
тогтоож, цаашид ашиглах боломжийг тодорхойлох зорилгоор судалгаа, шинжилгээг хийлгэсэн. Шинжилгээгээр Дэлгэрэх булаг, Бурхийн рашааны химийн үндсэн үзүүлэлтүүд нь ундны усны стандартын шаардлага хангаж байгаа боловч фторын ион стандартаас бага, бичил амь судлалын шинжилгээгээр нянгийн бохирдолттой гарсан учраас унданд хэрэглэхдээ заавал буцалгаж уухыг зөвлөсөн. Хустын рашаан нь цэнгэг, фторын агууламж зохимжтой хэмжээнд байж, ундны усны стандартын шаардлага хангаж байгаа хэдий ч нянгийн бохирдол илрэх хандлагатай байгаа тул хэрэглэгчид ариун цэврийг чанад сахиж, бохирдуулахгүй байх бүх талын арга хэмжээг авах хэрэгтэй гэсэн байна. Үүрийн тохойн рашаан нь ОХУ- ын алдарт Кукатай ойролцоо шинж чанартай, химийн задлан шинжилгээгээр эрдэслэг, маш хатуу, фторын агууламж өндөр, нүүрсхүчлийн хий ихтэй учир тогтмол уухад тохиромжгүй, эмчилгээний зориулалтаар ууж болох аж. Цаашид "рашааны эхийг хамгаалж, тохижуулах, голын ус орж холилдохоос сэргийлэх хэрэгтэй" гэх зөвлөгөөг өгчээ. Ар Гятрууны рашаан нь үндсэн элементүүдийг зохимжтой хэмжээгээр агуулсан, байгалийн энергийг өөртөө хангалттай агуулсан, зөв бүтэцтэй тул уухад нэн тохиромжтой гэсэн бол Могойтын халуун рашаанд 53 бичил элементийг тодорхойлж, шинж чанарын хувьд бусад рашаануудаас ялгаатай, шүлтлэг орчин ихтэй, цаашид рашааны нөөцийг шинэчлэн тогтоох шаардлагатай хэмээн дүгнэсэн байна. Хүрэнхадны рашааны шинжилгээний дүнгээс харахад химийн бүрэлдэхүүний хувьд магнийн бүлгийн 2-р төрлийн устай, чанарын хувьд цэнгэгдүү, нийт хатуулаг болон магнийн ион нь ундны усны стандартаас их байна. Тиймээс уг рашааныг тогтмол уухад тохиромжгүй, эмчилгээний зориулалтаар тодорхой хугацаанд ууж болох ч нянгийн бохирдолттой, эх ундарга маш бага байна. Эмтийн рашаанд хийсэн бичил элеметийн шинжилгээгээр ураны агууламж стандартад заасан хэмжээнээс 13 дахин давсан, нянгийн бохирдолттой зэрэг нь уг рашааныг уухад тохиромжгүйг харуулж байна. Хүрэмтийн рашаанд карбонатын ион давамгайлсан, мөнгөн усны агууламж ундны усны МЫЗ 0900:2018 стандартад заасан хэмжээнээс 9.5 дахин, хүнцлийн агууламж 3.5 дахин давсан учир уухад тохиромжгүй юм.  Хүрэмт, Эмтийн рашаан нь Монголын хамгийн эртний рашаануудын нэг бөгөөд ширгэж, устахаас нь өмнө хайрлаж хамгаалах ёстой гэж байв. Эдгээр рашаанууд нь эрдэс багатай, хужирын найрлагатай, хатуулаггүй учраас рашаанд ороход тохиромжтой аж. Гятрууны нурууны урд өвөрт байрлах Өвөр Гятрууны рашааны бүх ундрагуудын шинж чанар ойролцоо, I кальц-натрийн бүлгийн, 1-р төрлийн устай, чанарын хувьд нэн цэнгэг, уухад тохиромжтой байна. Эдгээр рашаануудад судалгаа хийсэн шинжээчдээс цаашид БОАЖ- ын сайд, ЭМ-ийн сайдын 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А-301/265 дугаар хамтарсан тушаалаар баталсан "Рашааныг зохистой ашиглах, хамгаалах журам"-ыг рашаан тус бүр дээр мөрдөж ажиллах, рашааныг ашиглагч нь "Рашааны ордын паспорт"-той болох ажлыг зохион байгуулах, рашааны эх ундаргыг бохирдохоос хамгаалж, тохижуулах, чанар, найрлагыг бичиж байршуулах, зорьж очсон хүн болгон рашааныг цэвэр ариун байлгаж, хүндэтгэж хүртэхийг зөвлөлөө.

rashaan-4

 

 

 

rashaan-2