АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“ЦЭНХЭР АЛТ”-ЫГ ХАМГААЛАХ, ЗҮЙ ЗОХИСТОЙ АШИГЛАХ ХҮРЭЭНД 4 ЗҮЙЛ 19 ЗААЛТ БҮХИЙ ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА

2023.03.25
Цаг үеийн
✅Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Дэлхийн усны өдрийг тохиолдуулан “Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганыг “ӨӨРЧЛӨЛТ, СЭРГЭЛТИЙГ ХУРДАСГАЯ” уриалгын хүрээнд 2023 оны 03 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
✅Монгол Улсын нутаг дэвсгэрийн 77 орчим хувь нь цөлжиж, доройтсон бөгөөд 2022 оны байдлаар 362 гол, горхи, нуур, тойром, булаг, шанд ширгээд байна.
Иймд хүн ам, үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагуудыг баталгаатай, хүрэлцээтэй усаар найдвартай хангах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, экосистемийн тэнцвэрт байдлыг тогтвортой хадгалахад чиглэсэн бодлого хэрэгжүүлж, усны нөөцийг хамгаалах, хэмнэлттэй, зүй зохистой ашиглахад талуудын оролцоог ханган, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
✅Усны үндэсний чуулганыг угтаж
•“Газрын доорх усны нөөц ба тулгамдсан асуудлууд”,
•“Гадаргын усны нөөц ба тулгамдсан асуудлууд”,
•“Усны салбарын эрх зүйн орчин ба тулгамдсан асуудлууд” сэдэвт салбар хуралдаануудыг зохион байгууллаа.
✅Хуралдаануудаас усны үнэ цэнийг нэмэгдүүлэх, усны нөөцийн хомсдол, бохирдлоос сэргийлэх, хяналт-шинжилгээний сүлжээ, хайгуул судалгааг өргөтгөх, бохирдол, доройтлыг бууруулах, хүн амыг баталгаат усаар хангахад тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, салбарын хууль, эрх зүйн орчныг сайжруулах, хүний нөөцийг чадавхжуулах, хамтын ажиллагааг сайжруулах талаар хэлэлцсэн.
✅Усны нөөцийг бохирдож, хомстохоос хамгаалах, улс орныхоо өсөн нэмэгдэх усны хэрэгцээг хангахын тулд “Цэнхэр алт” үндэсний чуулган болон салбар хуралдаануудаас гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн нийт 4 зүйл, 19 заалт бүхий чуулганы зөвлөмжийг боловсруулан, холбогдох төрийн байгууллагуудад хүргүүлж, хэрэгжилтийг үе шаттайгаар ханган ажиллахыг даалгав.
✅Тухайлбал, чуулганы зөвлөмжид тусгагдсан хууль эрхзүй, засаглалыг сайжруулах чиглэлээр Усны тухай хууль, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиудыг цогцоор нь шинэчилж сайжруулах, усны нөөцийг хомсдол, бохирдлоос хамгаалах, хуримтлуулах чиглэлээр гадаргын болон газрын доорх усны хайгуул судалгааг нэмэгдүүлэх, нөөцийг зориудаар арвижуулах, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, рашааны болон газрын гүний дулааны судалгааг эрчимжүүлж, зохистой ашиглах нөхцөлийг бүрдүүлэх, салбарын хүний нөөцийг нэмэгдүүлэх, ажиллах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр ирээдүйн эрэлт хэрэгцээнд тулгуурлан усны салбарын хүний нөөцийг бүрдүүлэх, бэлтгэх, чадавхжуулах хөтөлбөрийг боловсруулан, хэрэгжүүлэх, олон нийтийн хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр усны мэргэжлийн байгууллага, мэргэжлийн холбоод, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага болон төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах зэрэг асуудлуудыг тусгалаа.
✅Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Усны газар хамтран зохион байгуулсан үндэсний чуулганд усны салбарын төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн, судлаачид болон иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, олон улсын төсөл, хөтөлбөрийн төлөөлөл бүхий 800 гаруй хүн оролцлоо.
337145922_875971153474996_3511401438376390497_n
337032236_1890294244685259_3966400963756291947_n
337166576_931155244901366_2409943565079627210_n
337289946_144435671623917_9142109440503082847_n
337156235_1143554039725659_5522517174177560887_n
337146970_738759651284307_4838159399458502423_n
337165818_235498972209978_4409966921021026513_n