АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ӨВӨРХАНГАЙ: Б.Энхсүрэн: Өнгөрсөн онд ус ашигласны төлбөрт 422 сая төгрөг төвлөрүүлсэн

2023.03.24
Цаг үеийн

Арвайхээр /МОНЦАМЭ/ Өвөрхангай аймаг дахь гадаргын усны өнөөгийн байдал, устай холбоотой зарим нэг мэдээллийг БОАЖГ-ын Усны нөөцийн ашиглалт, хамгаалалт хариуцсан мэргэжилтэн Б.Энхсүрэнгээс тодрууллаа.

- Аймгийн хэмжээнд гадаргын усны нөөц ямар түвшинд байна вэ?

- Өвөрхангай аймаг гадаргын усны нөөц багатайд тооцогддог. Одоогоор гадаргын усны нөөц 0.56 шоо км, үүнээс ашиглах боломжтой нөөц 0.22 шоо км, газрын доорхи усны нөөц, 0.10 шоо км ашиглах боломжтой нөөц 0.05 шоо км байна.

2012 онд Усны тухай хуулийг шинэчлэн баталж, тухайн сумын Засаг даргаас усны тооллогыг жил бүр хийхээр тусгасан байдаг. Тэр дагуу сумд усны тооллогын ажлыг жил бүр зохион байгуулж, аймгийн БОАЖГ-аас дүнг нэгтгэн Усны мэдээллийн санд оруулдаг. 2022 оны байдлаар 216 гол горхи, 1043 булаг шанд, 99 нуур, 32 рашаан тоолуулсан байна.

282654216_700303471037050_7120705292828311009_n

-Сүүлийн жилүүдэд гадаргын усны нөөц багасч, гол горхи, булаг шандны ширгэлт нэмэгдэж байна. Өвөрхангай аймагт энэ байдал хэр ажиглагдаж байна?

-Гадаргын ус болох гол, нуур, булаг шандны усны түвшин тухайн жилд орж байгаа хур тунадасны хэмжээнээс шууд хамаардаг.  Манай аймаг ерөнхийдөө хур тунадас багатай, зарим үед нэлээд гантай байдаг учраас булаг шанд ширгэх нь бий. Гэхдээ усархаг бороо ихтэй жилүүдэд уулын ам болгоноос ус гарч, булгийн тоо нэмэгдэж эхэлдэг. Сүүлийн гурван жилийн дүнгээр 6 гол горхи, 55 булаг шанд, 6 нуур ширгэсэн байна. 

-Гадаргын усыг хамгаалах, эх ундаргыг нэмэгдүүлэх чиглэлээр ямар ажлууд хийж байна вэ?

-Булаг шанд, горхины эхийг хашиж хамгаалах ажлыг 2008 оноос эхлэн зохион байгуулж ирсэн. Энэ хугацаанд улс, орон нутгийн төсөв, төсөл, хөтөлбөр, аж ахуйн нэгж, малчны бүлэг, нөхөрлөл, иргэд өөрсдийн хөрөнгөөр нийт 18 суманд 386 булаг шанд, рашаан, голын эхийг хашиж хамгаалсан байна.

bulga-1

Манай аймгийн булаг шандаа хамгаалах ажил улсын хэмжээнд туршлага болсон. Тодруулбал, газар шон зоолгүйгээр, шургаагны хоёр үзүүрийг нь нүхлэн цоолоод арматурын төмрөөр холбож, илүү гарсан төмрийг дотогш нь нугалах байдлаар бэхэлдэг. Ингэснээр байгальд ээлтэй, үер усанд тарж бутарч урсахгүй, мөн шургаа нэмж, тойргийг томсгож болдог зэрэг олон давуу талтай.

Рашаан, булгууд, горхийг хашиж хамгаалснаар малын хөлийн талхагдал, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс хамгаалан усны ундарга нэмэгдэж, 2000 гаруй айл өрхийн хүн ам, малын усан хангамжийг сайжруулсан.  Иргэд, малчдын зүгээс булаг шандаа хашаажуулж, хамгаалалтад авах хүсэлтийг байнга ирүүлдэг.  

Мөн Арвайхээр сумын нутаг дэвсгэр дэх Дэлгэрэх голд хөв байгуулах ажлыг хийсэн нь улсад төв суурин газар хөв байгуулсан анхны жишиг ажил болсон юм. Анх 2014 онд Дэлгэрэх голын эхэнд 53732 м.куб ус хуримтлуулах хүчин чадалтай хөвийг улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр байгуулж байсан. Түүнээс хойш 2020 он хүртэл нийтдээ 2.3 км газарт голын голдиролыг шулуутгаж, айл өрхүүдийг үерийн эрсдэлээс хамгаалсан.

delgereh-1

Голын голдиролын дагуу хатуу хучилттай авто зам, явган хүний зам, төмөр бетон гүүр зэргийг барьж, гэрэлтүүлэг, цэцэрлэгт хүрээлэн зэргийг байгуулан тохижуулж, нийт 15 га талбайг хашаажуулан 20 мянга орчим мод, бут тарьж ургуулсан байна.

-Өнгөрөгч онд иргэдийн байнгын хэрэглээ болсон 10 рашаан усанд лабораторийн шинжилгээ хийсэн. Шинжилгээний хариу яаж гарсан бэ?

-Орон нутгийн чанартай, бүрэн судлагдаагүй байсан, Бат-Өлзий сумын Хуст, Ар хятруун, Могойт, Үүртийн тохой, Баруунбаян-Улаан сумын Хүрэн хад, Уянга сумын Өвөр хятруун, Тарагт сумын Хүрэмт, Эмт, Арвайхээр сумын Дэлгэрэх, Бурхи зэрэг рашааны физик, химийн найрлагыг тодорхойлох судалгааны ажлыг 2022 оны 6-9 дүгээр сарын хугацаанд Монгол Улсын усны чанарын зөвлөх инженер, гидрохимич Ч.Жавзан доктороор ахлуулсан судалгааны багаар гүйцэтгүүлсэн.

Хээрийн  судалгааны ажлаар холбогдох аргачлалын дагуу усны сорьц авч, ерөнхий химийн болон бохирдлын шинжилгээг Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Усны шинжилгээний лабораторид, бичил амь судлалын шинжилгээг Биологийн хүрээлэнгийн микробын нийлэгжлийн лабораторид, бичил элементийн дэлгэрэнгүй шинжилгээг “SGS IMME Mongolia” ХХК-ний лабораторид 86 үзүүлэлтээр нарийн тодорхойлуулж гаргасан. 

rashaan-1

Шинжилгээгээр Хуст, Ар, Өвөр Гятруун, Дэлгэрэх, Бурхи зэрэг хэрэглээ ихтэй рашаан булгууд нянгийн бохирдолттой гарсан. Энэ нь рашаан хэрэглэгчид орчин тойрныг нь бохирдуулдаг, цэвэр бус зүйлээр хутгаж авдаг, мөн байгальдаа ил задгай урсдагтай холбоотой юм. Тиймээс амрагч, аялагч, иргэд рашаан уухдаа хүндэтгэлтэй хандаж, ариун цэврийг чанд сахих, зохистой ашиглахыг уриалья.

Нянгийн бохирдолттой рашааныг унданд хэрэглэхдээ заавал буцалгаж уух шаардлагатай. Ус, рашааныг буцалгаснаар биед хэрэгтэй эрдэс бодис нь алдагддаг гэж зарим хүмүүс ярьдаг. Тэгвэл тийм биш, усыг буцалгасан ч үндсэн шинж чанараа алддаггүй.

-Өвөрхангайд усны хэрэглээ хэр их байдаг вэ, мөн ус хэрэглэсний төлбөрийг бүрэн төвлөрүүлж чаддаг уу?

-Аймгийн хэмжээнд жилд 20 сая м.куб ус хэрэглэдэг. Нийт хэрэглээний 89 хувийг хөдөө аж ахуй салбарт ашиглаж байна. Хангайн сумдад гадаргын ус, говийн бүсэд газар доорх буюу гүнийн усыг түлхүү ашигладаг. Малын тоо толгой их учраас энэ салбарт ус ашиглалт илүү байгаа. Хүн амын унд ахуй болон нийтийн хэрэглээнд нийт усны 8.8 хувийг, ногоон байгууламжид 0.1, уул уурхайд 0.9, амьтан үржүүлэг, аялал жуулчлалд 0.5, эрчим хүчинд 0.2 хувийг тус тус хэрэглэж байна.

Ус ашиглалтын төлбөрийн хувьд 2020, 2021 онд 380 гаруй сая, 2022 онд 422 сая төгрөг төвлөрүүлсэн.

-Цэнгэг усны нөөц жилээс жилд багасч байна гэж байнга ярьдаг ч усыг хайрлах, гамнах сэтгэлгээ, хандлага төдийлөн сайн биш байдаг. Усны зохистой хэрэглээнд олон нийтийг уриалах чиглэлээр ямар ажил хийж байна вэ?

- Төв суурин газрын оршин суугчид ус хэрэглэснийхээ хэрээр төлбөр төлдөг болохоор усыг задгай хэрэглэдэг байсан нь нэг үеэ бодвол харьцангүй гайгүй болсон юм болов уу гэж боддог. Манай байгууллагаас хүүхэд рүү чиглэсэн үйл ажиллагааг түлхүү хийдэг. Яагаад гэхээр бага насны хүүхэд ар гэрийнхэндээ нөлөөлөх нь илүү байдаг. Сургуулийн ахлах ангийн сурагчдад усыг хайрлах, гамнах тухай мэдээлэл өгөхөд зөвхөн өөрөө ойлгоод үлддэг бол цэцэрлэгийн хүүхэд гэртээ очоод аав, ээж, ар гэрийнхэндээ дамжуулж хэлж, нөлөөлж чаддаг. 

- Мэдээлэл өгсөнд баярлалаа. 

 

Эх сурвалж: https://montsame.mn/